"Дархан-Улаанбаатар" чиглэлийн нийт замын 113.53км автозамыг энэ онд багтаан дуусгах бол, 90.58 км авто замын ажлыг 2020 онд хэрэгжүүлж дуусах боломжгүй болсон талаар салбарын сайд Л.Халтар хариу тайлбартаа дурьджээ. Тэрээр өмнө нь ЗТХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Дарханы замын ажлыг ямар компани гүйцэтгэж байгаа, ямар шатанд яваа, юунд дээр гацаж удаашраад байгааг сайн мэдэх юм.
Энэ онд ашиглалтад орж амжихгүй 90.58 км автозамыг Багц-2, Багц-4 буюу БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн оноос өнөөдрийг хүртэл Багц 2-р хэсэг 9.49%, Багц 4-р хэсэг 5.30% ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Манай улсын зүгээс энэхүү компанийг ажлаа хангалтгүй хийж байгаа учир гэрээг цуцалж өөр компаниар гүйцэтгүүлэх хүсэлтийг АХБ-нд удаа дараа тавьжээ. Гэтэл гэрээг цуцалснаас үүдэж, гүйцэтгэгч тал маргаан үүсгэх юм бол автозамын ажил бүр удаашрах учир он дуустал хүлээх зөвлөмж өгчээ. Иймээс энэ онд Дархан-Улаанбаатар чиглэлийн 90.58 км автозамаас бусад хэсэг ашиглалтад орох нь ээ.